Skip to main content

ХУРИМ ХИЙХ МОНГОЛ ЁСОН

Хуримлах ёслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ёс суртахуун, зан заншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийн харилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буй хос хоёрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэр бүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных нь зүгээс хүлээлгэн буйн утга учиртай.
Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учир холбогдол бүхий билээ.
Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж: Буга намнаач манайд байна  Булга зүйгээч танайд байна Холыг ойртуулдаг морин эрдэнээр  Хоёр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгат ёгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоёр хэсэгт хуваана. Шийд сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэх байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй.
Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хурим хийх өдрийг хэлэлцэн тохирдог.
Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл гэж нэрлэх нь бий.
Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт "эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай" зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй бэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.
Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг. Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аав ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй.
Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.
Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.
Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд юмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёл чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө.
Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм.
Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх жаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.
Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар, зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээр тус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрд атгуулан хоёуланг ургах наран зүг хандуулан Шар наранд мөргөм үү  Шаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ нь наранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал, бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тус бүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна.
Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэ ёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.
Ёслол эхлэхэд дагалдах хоёр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулж гал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед бэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх, шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёс дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй холбогдон үүсчээ.
Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйж буйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөл тавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ зан үйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүл бололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрд аж байдал, ёс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан, хурим найрын дэг ёсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай, ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмын тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.
Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ёс болохыг тодруулан сургамжилсан утгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр бол үндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа: Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловч Газрынхаа намыг даган урсдаг журамтай  Ган төмөр хэдийвээр хатуу боловч  Галынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмд болж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаад улмаар "Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланд нисэн оддог"-ийг сануулан "өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловч өөр хүний үр болгон (хадамд) өгдөг" нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ёс журам болохыг учирлан урнаар тайлбарладаг.
Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ёслолын үед: Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг  Урьдын тавьсан ерөөл Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг Тэнгэрээс иштэй унаа Дөрвөлжин цагаан уул бэрх боловч Дөт нэгэн замтай гэдэг Дөчин түмэн олон боловч Дөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэг Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч Ус нь нэгэн холбоотой Орчлонгийн амьтан олон боловч Ураг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоор холбон нэгтгэж "өрх өсгөн сум сунгаж" гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.
Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь "эхийн цагаан сүүний харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд "эхийн цагаан сүүний харамжийн үг" хэлж хүргэж ирсэн эхэд нь бэлэг өгнө.

эх сурвалж: FBPAGE/HURIM 


Comments

Popular posts from this blog

Монголчуудын уламжлалт хуримын ёслол

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ. Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна. Бэр гуйх ёслол Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг б

Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн. Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй,

Хуримын бөгжөө хаанаас сонгох вэ?

Хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс хэлбэр дүрс болон утга агуулгаараа ялгаатай билээ. Хуримын бөгжийг хаан бугуйвч хатан сүйх гэсэн монгол хээний дүрсээс үүдэн хийсэн байдаг. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билгэдсэн тэмдэг. Иймд дүрст хоёр хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бат бэх, аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг. Та хуримын бөгжөө бэлдэж амжсан уу? Хуримын бөгж хайж гадуур явдаг цаг өнгөрчээ.  Бид таны цаг завыг хэмнэх үүднээс хуримын бөгжний худалдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна. Christian Bauer Mongolia Бөгжний хамгийн элит сонголтыг эндээс. Загварын өргөн сонголтыг нэг дороос авах боломжтой. Мөн та өөрийн хүссэн загвараар цор ганцыг хийлгэж болно шүү. Утас:  99038926 Хаяг:  УИД 1 давхар "Christian Bauer Mongolia" 2.  Эрдэнэс хур  Үнэхээр л эрдэнэсийн хурыг та зөвхөн эндээс харах болно. Таны хүссэн загвар энд л байж болох юм. Өнгө загварын